Хүүрнэл

НҮҮДЭЛЛЭХ ТИГ БУЮУ МИЧДИЙН АЯЛГУУ

Тэмээн хөсөгтэй нүүдэлчний бүдэгхэн мөрийг
Тэнгэрийн заадас залгаад тодосгон одмуй

Орой дээр одот тэнгэр хөмрөглөнө. Очир эрдэнэсийн хүү сангийн орд өргөө л ийм буй. Сүрэг галуудын ганганах дуун энүүхэнд. Сүр сүр гэх чимээ нь чих шүргэнэ. Тэнгэр ба талын хярхаг тэмдгэрэх бараагүй. Тэмээн хөсгийн хонхон дуу шөнийг чимээлнэ. Одот тэнгэрийн доор хөсөг тэрэгний хүрдэн дугуйн эргэлтийг сааж, хүн малын зоо тэнийн хөдөө талд нь хүрээлэн буудаллана. Нүүдэл хөсөг хоймор талаараа тал саран байрлалтай. Хонь хотлон үхэр мал өмнө талаар хүрээлнэ. Нүүдэллэхүйн хаа эртийн тиг буюу.

Ганцхан цаламлах галын бадма дотор
Түмэн цэцгийн цоморлиг дүрэлзэж буй

Галын дөл. Очисын алтан илтсийг оддын тийш нисгэнэ. Улаан шаргал гэрлийн бадма дээш дэлбээлэн намилзаж эрт галавыг эгээрэн санагалзах, уг язгуурын чанад уруу учирлан мэтгэх буюу.

Талын хүмүүний жаргалан талдаа буй. Задгай гал дээр даргилан буцлах хээрийн цайны ааг, таана мангирын үнэртэй нийлэлдэн ханхийнэ. Дэвшүүлсэн идээ нар зөв тойрон, хөгшид хүүхэд гэр хотлоор галын дэргэд амсхийн цайлах зуурт орчлон буйгаараа одот тэнгэр тэр аяараа маргааш уруу нүүж явна.

Чимээ аниргүй орчлон таг дуугүй жимийжээ
Чинхүү шалтгаан нь хүмүүний алмайд буй

Өвгөн нүүдэлчин, морин хуурынхаа суман арлыг зүүн мөрөн дээгүүрээ Хүн таван одны чигтэй түшүүлэн, уул мэт цээж тэвхгэр, тавиун царыг нь газар шүргүүлэн өвөр дээгүүрээ өөд нь залаад: хөвчит нумыг баруун мутраар хөдөө тийш нь эвшээлгэн татахуйяа орчлон ертөнцийн ай сав хийгээд одот эрхэсийн огт ор үгүйн чанадад түмэн аялгуу нисэлдэн дүүлэлдэж тоо томшгүй олон жигүүртэн мэт элин халин эргэлдэх авай.

Морин хуурын зүсрэн шаагих амгалант аялгуу, талыг бөмбөрдөх тэгш хэмнэлтэй төвөргөөн, ээнэгшин тэмүүлж учирлан сэнхрүүлэх намбалаг дуурьсал нь одот тэнгэр уруу дүүлэн одсон шигээ огшин буцаад газар дэлхийнхээ сэвэгнэх өвс, имхрэх шороон бүхэнд уусан шингэхээр нисэлдэн дүүлэлдэн айсуй.

Нүдээ анихуй дотор сэтгэлийн чанадах байгаль буй
Нүүдэллэхүйн аяншил дотор ирээдүйн диваажин буй

Анирлагч уул ус, дов толгод, дэрс бут, өвс ногооны үндэс болгон уруу залбиран замхрах аялгуун дохио чихнээс нэгэнтээ холдоод орчлон дэлхий хийгээд хүмүүн зүрхний аглаг уруу замхарна.

Аялгуу арилан одож байгаа бус, газар шороо, түмэн бодисын ой санамж бүхэнд үлдэхээр эргэн санагалзахуйн чанадад нь хадгалагдан оршихоор амар амгаланд хувилж байгаа нь энэ буюу.

Хуурын аялгуу үл төгсөн үнэмшихүйн үзүүр тус
Шамбалын хот мандлын хаалга онгойж буй

 Харанхуй шөнийн бүдэг бадаг дотор л хамаг учир халхлагдаж аглаг хээрийн анир гүм дотор л хамаг аялгуу хадгалагдаж оршмуй. Эс үзэгдэгч зүг тийш, үл сонсогдох аялгуун жимээр одмуй.

Хажуудах хад чулуу чамайг үл сонсон чиний дууг цуурай болгон буцааг, хамаагүй. Хаа нэгтэй чамайг хэн нэгэн сонсож байгаад итгээрэй. Сонсогдохдоо чи зуун үеийн чанадтай ч сонсогдмуу.

Хуучин сар оройтосхийн мандана. Оддын гэгээ бүдгэрнэ. Уул толгод, цагаан туяан дотор цэцгэн лянхуа зангидан завилжээ. Холын холд хүлэг морин урт янцгаахуй чимээг холхи тэнгэрийн одод анирлана. Хоёр шарга од аргамжааныхаа алтан гадсыг саран байрлалаар хагас дугуй тойрчээ. Нүүдэллэхүйн хаа эртийн тиг буюу. Нүүдэлчний хүрээ гүн шөнийн амар амгалан дотор аг чиг. Дорноос Хөхдэй мэргэн од үй түмэн гараг эрхэсээ туусаар айсуй. Орчлон анир гүм. Одоохон үүр цайна.

Ачаа тэнгийн арган өөжинд нойрсож буй бяцхан хөвгүүн нэгэн цагт өвөөгийнхөө халааг авч нүүдэл хөтөлнө. Аниргүйн дайдын ой санамжинд хадгалагдан үлдсэн морин хуурын аялгууг сэргээн анирдаад хойчийн үр удамдаа сонордуулан хүргэнэ.

Эрт урьдын цагт ч нүүдэллэж л явсан, ирээдүйн галавт ч нүүдэллэсээр ч байх тасралтгүй үргэлжлэх цаг мөнхийн хөдөлгөөн л чухамхүү, дэлхий ертөнц хийгээд дээр нь оршигч хүмүүн бидний цаглашгүй нас буяныг тоолон дансалж, тодотгон бичиглэж, тогтоон сударлаж оршмуй.

Үй түмэн үйл явдлын халуун шастир
Үлгэр домгийн хөсгөнд суугаад ирээдүй рүү нүүчихнэ.

2009 он
TOP