Хүүрнэл

ГЭГЭЭН ЗҮГЭЭС МОРЬТОН АЙСУЙ

Хаврын өглөө ба морьтон

Тал хязгааргүй хөхөртөн мануурна. Эхлэл нь хаа юм, төгсгөл нь хаа ч юм.
Ташуухан гийх өглөөн нарны тунгалаг туяа ээвэр хондонд хаваржиж бүхий хот айлыг гийгүүлнэ. Малын уур униартан нийлэлдэж, гарын алга шиг хонхор газарт бялхсан туяан дундаас цэв цэнхэр багана ганжирлан, тэнгэр тулах нь гэрийн утаа буюу. Сайхан өдөр болох нь ээ.

Гэрийн гаднаас нэгэн хүмүүн мордож чанх зүүн зүгийг барин товор товор алхуулна. Хаачих нь юм бол доо? Мөнөөх морьтон явсаар өлийн овоон дээр гарч энэ тэрийг хараачлан, ийш тийш дурандана. Эрвийх сэрвийх бут, дэрс, энд тэндэх хэсэг бусаг мал, чөдөртэй морьд, цаашлаад хот айлын бараа, дурангийн таталтаар алган дээр нь мэт үзэгдэж байгаа.
Дэлхий, хөл хүнд эх шиг сэвхтэж, ээвэр газрын гэссэн цасны ирмэгээс хөнгөн цагаан уур савсана. Мөнөөх морьтон ергүүлсээр тэртээ хөтөл дээгүүр давж байна. Салхины үзүүр чагнавал дуулж байгаа бололтой.
 
Дөрөөн доогуур тал минь урсана аа ...
Дөмөнгийн ергөөгөөр дуу төрнө өө ...

Тэнгэрт бөртийх ч үүлгүй. Тэг дунд нь хоёр шувуу эргэлдэнэ. Талд бөртийх ч бараагүй. Тэг дунд нь хоёр шувууны сүүдэр л эргэлдэнэ.
Шувууд нисэн ниссээр сүүдэртэйгээ нийлнэ. Дуу мэндлэх талаа сүүдэргүй байлгах ч гэсэн юм билүү. Шувуудын зүрхийг хэн чагналаа? Мөнөөх морьтны дууг тэнгэр чагнан мэлтийж, тал анирлан налайна. Шувуу өлийн овоон дээр сууж сонсоно. Өвс ногоо эгшиг аялгууны нь нугалаанд найгалзана. Дуу уянгалсаар, дараачийн хөтөл дээгүүр давж байна. Мөнөөх морьтон мөнхийн дууны чавхдасыг талынхаа энтэй чацуулан хөвчлөн татаж яваа юм уу даа. Дуу дуусашгүй. Уйдашгүй. Эл бүхнийг тэнгэр дув дуугүй ширтэж, цэггүй хөх мандлынхаа цэнхэр толинд тусгаж, тэндээсээ миний зүрхний тольтонд тэрхүү зургаа тусгах мэт ээ.
Зүрхэн дундуур минь талын морьтон, хаврын хөх зэрэглээ намилзуулан өнгөрөх цаг мөнхийн агшин бүхэн түүнээс үүсгэлтэй юм болов уу?
Тэнгэр, талын хөх уулсыг дэрлээд, чимээ чагнаархан алмайрах тэр л хавьд мөнөөх морьтон эр дууныхаа аялгууг утас шиг сүвлэн ороод аг чиг болвой.

Зуны өдөр ба морьтон

Тал хязгааргүй, ногоорон мануурна. Эхлэл нь хаа юм, төгсгөл нь хаа ч юм.
Жин үдийн нар цэцгийн гэсэр, өвсний үзүүр бүхнийг чанх дээрээс нь алаггүй гийгүүлж, улайдсан чулуу ухаа ягаанаар минчийлдэх агаад гагцхүү худгийн хүйтэн усанд ширэн ховоо л нэг гал халууныг эс ажран буй за.
Өвлийн овоон дээрээс нэгэн хүмүүн мордож сэрүүн сэвшээ мөрөөдөн сэнгэнэтэл исгэрсээр сэгэр сэгэр хатируулна. Хаачих нь юм бол доо? Мөнөөх морьтон явсаар бэлчиж яваа тэмээн сүргийн дундуур гарч, цааш довтолгосоор худгийн асгарт тээрсэн адууны дэргэд ирвэй. Ховооны ишийг дөрвөнт алдалж татаад модон онгоцонд худгийн ус цалгиулан хийхэд цангасан адуу нэгэн амьсгаагаар ховх сорох ажээ. Сайхь эр нэн сурамгайгаар сэхээ сэлтгүй ус ховоодон хийхэд ууж ханасан адуу хээрийн бэлчээр өөдөө салхидан зүглэх бөгөөд сая л амьсгаа авсан мөнөөх талын хүн, унасан морины амгайвчийг авч хурайлан исгэрэх нь итгэлт хүлгээ ус сайн ууж ав гэсэн хэрэг билээ.
Өөрөө ховоогоор дахин нэг ус утгаж ирснээ түүнээс хэд залгилаад шүд нь ташив бололтой онгоцонд хийхийг үзсэн хүний халууцсан бие сэрүү татмаар аа.
Дэлхий, оюу эрдэнийн өнгөөр дуниартаж, хүлгийн туурайгаар зөвхөн цэцгийн тоос л агаарт манарах ажгуу. Мөнөөх морьтон цогиулсаар хөтөл дээгүүр давж байна.
Танил болсон дууны аялгуу сэвэлзэх салхины аясаар сэтгэл тус сэрүү татуулан айсуй.
 
Дууныхаа уртаар нутгаа хэмжиюү ...
Дууныхаа насаар хайраа илгээюу ...

Морьтон эрийн дөрөөн доогуур хонгорзул ганхаж, гагцхүү ганган цоохор эрвээхий түүний дээгүүр эргэлдэн үлдэнэ.
Нуурын  мандалд чуулсан хун шувуу шиг нуугьсан зэрэглээнд хонин сүрэг цайвалзан, сүрэг шувууд даль жигүүрээрээ салхи сэвэлзүүлэн дээгүүр нь халин нисэн өнгөрнө.
Дуу уянгалсаар дараачийн хөтөл давж байна. Монгол хүнийг уужим бодог хэмээн их талыг хаяагүй тэнийлгэж, уртаар дуулаг хэмээн уйдашгүй холын аянд мордуулдаг юм уу даа. Мөнөөх морьтонг амдаад бас нэг морьтон айсуй. Их талын тэхий дунд хоёр морьтон уулзаад дөрөө мулталж, цэцгэн дунд завилан сууцгаагаад хөөрөг солилцон мэнд амраа мэдэлцэж байна. Бодвол үзсэн харсан мал хунар, хол ойрын сураг чимээ юуг эс хөөрөлдөх билээ дээ. Хоёр морьтон хоёр тийшээ талын хэмжээ авах гэсэн мэт хатируулна.
Уйдашгүйяа. Тэр хүмүүний дуу юу, тэргэл их талын уянга уу, аль эсвэл миний сэтгэлийн айзам уу, ямар ч байсан нэгэн их сайхан аялгуунд живэн живсээр буйгаа мэдэрнэм за.

Намрын үдэш ба морьтон

Тал хязгааргүй, ухааран мануурна. Эхлэл нь хаа юм, төгсгөл нь хаа ч юм.
Үдшийн тэнгэр тэгнүүрдэн бүхий шар дэнж дээгүүр хэсэг адуу дэргэн айсуй бөгөөд олон малын хөлд гишгэгдсэн таанын ааг талын тэнгэрийг согттол анхилах нь нэн таатай. Адууны урдуур хөндлөн цувах зээрийн нуруу гүвэлзэн, намрын хонгор хиаг халиуран ямар нэгэн шаргал давалгаа болон мяралзах ажээ.
Энэ бүхнийг төдий л эс ажран, нэгэнт бүрий болж байгаа тул морьтон эр сэрвэн хөтөл дээгүүр хатируулсаар цааш одож, өлийн овоон дээр бууж байна. Энэ бүхэн үдшийн цагаан гэгээний наана, харагдах нь цайвар даавуун дээр зураг сүүдэртүүлэн үзүүлэх мэт нэн тодхон ажгуу. Мөнөөх морьтон овоонд чулуу өргөөд цааш довтлон одох бөгөөд уртын чавхдаст дууны нь аялгуунд намрын дунд сарын арван тавны тэргэл сар мишээл төгөлдөр мандаж, хээр талыг шаргал туяагаараа хулдан булхаж байна. Нарны үлдэл гэгээ сарны туяатай нийлэлдэн гийгүүлэх энэхүү их дүйцэн үдшийн саруулхныг ээ!
 
Өлийн овоондоо шувуу нь эргэнэ ээ ...
Өссөн нутагтаа хүү нь эргэнэ ээ ...

Дууны сайхан аялгуунд хөтлөгдөн айсуй гэлтэй, тэмээн хөсгийн цуваа үзэгдэж, сарны саруулд газар дөхөж авах гэсэн тэрхүү нүүдэлчдийг мөнөөх морьтон тосон очиж байна. Талынхны санаа нэг. Заяа нь ч бас нэг ээ. Нүүдэлчний хөтөчтэй гангар гунгар хийж явсаар, хоноглох газар нь хүрч ачаа хөсгийг нь буулгалцаж, тэмээ малыг нь тушиж, энэ тэрхнээс нь элбэлцчихээд цааших замдаа шуудрав.
Дуу уянгалсаар дахиад нэг хөтөл давж байна. Их талын аян нүүдлийг хөтөлсөн хүн, энх амгалангийн дэнлүү цагаан сарыг харж хүлгийн дэл дээр яваа хүн, дуулахгүй байж тэвчих үү дээ!
Хаяа хярхаггүй их талыг чухамхүү дууныхаа уртын хэмжээгээр туулж, ухаан бодол нь уужимсан тэр бүхнээ дагаад сэтгэл нь тэнүүн байдаг буй за.
Мөнөөх морьтон үдшийн сүүн цагаан гэгээнд уусан ороод бараа зураггүй болов. Гагцхүү тэр цайдам цагаан гэгээ нь морьтны дууг өртөөлөн авах мэт дууны хөх манан эгшиглэнхэн татвай.

Өвлийн шөнө ба морьтон

Тал хязгааргүй, цайвалзан мануурна. Эхлэл нь хаа юм, төгсгөл нь хаа юм.
Одод тэнгэртээ жирвэгнэлдэж, цасны илтэс басхүү одны туяанд гялтганана. Битүү цагаан тал шөнөөр ч өөрөөсөө гэгээ татуулан, өвсний толгойд цан молцоглож, мөсөн цэцгийн дэлбээ талстан бурзайжээ.
Морин туурай шажиг шужиг гэн, мөнөөх талын хүний танил дуу аниргүй шөнийн харанхуйг алгуугаар дүүргэн сүлж айсуй. Орчлонгийн шөнө чимээгүй налайн, өвлийн жавар дууны эгшгэнд уясан, хүлгийн хамраас гарах уур царцаж бүхий л биеий нь бууралтуулна.
Гарцхүү цасан цагаан морь, оддын дундуур мөнөөх эрийн дууг эрдэнийн нуруундаа тээж явна.

Эр хүмүүн дуулж ханахгүй аялгуу ...
Эр морь туулж барахгүй тал аа ...

Одод жингэнэнэ. Талын зоо тосолсон мэт гялтайж, дангинам хөлдүү хөтөл дээгүүр төвөргөн гарах морин туурай өд шиг хөнгөн, бөмбөрийн цохиур мэт айзамтай.
Өвлийн дуу өнгөлөг болоод тунгалаг. Морьтон эрийн лоовуузын соронд хүүрэг савсайж, талстсан цангийн илтэс бүр нь дууны долгион цацруулах мэт.
TOP