Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал Монголд чууллаа

Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал Монголд чууллаа

        Монгол Улсад Дэлхийн яруу найрагчдын 37 дахь их хурал болж, олон орны олон зуун нэр хүндтэй яруу найрагчид чууллаа. 


“Байгалийн оюун санаа ба Хүмүүний сэтгэлийн байгаль” гэсэн уриан дор болсон энэ удаагийн дэлхийн яруу найргийн их хурал Монгол Улсын төрийн ордонд хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ ирүүллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ "Өнөөгийн дэлхий ертөнцөд нийгмийн хөгжлийг ойлгох ойлголт хэт программчилагдаж, эд юмс өмч хөрөнгийн үйлдвэрлэл, технологийн дэвшлийг л хүний оршихуйн шийдвэрлэх хүчин зүйлс болгон шүтэж буй цагт үгийн урлагийн мөн чанарыг танин мэдүүлэх, яруу найргийн бурханлаг увдис чадлыг хүн төрөлхтөнд мэдрүүлэх нь нэн чухал байгаа”-г  онцолжээ.

Мөн Дэлхийн Урлаг Соёлын Академийн ерөнхийлөгч, францын яруу найрагч Маурис Янг, БСШУСпортын Яамны сайд, доктор, профессор Г.Чулуунбаатар, Монголын Зохиолчдын эвлэлийн дарга Ц.Буянзаяа нар мэндчилгээ дэвшүүлсэн байна. 

Тус хурлын үндсэн илтгэлийг "ЯРУУ НАЙРАГ, БАЙГАЛИЙН ОЮУН САНАА" сэдвээр Дэлхийн Яруу найрагчдын 37-р их хурлын ерөнхийлөгч, Монголын яруу найрагч, доктор Г.Мэнд-Ооёо тавьсан бол, "ТЭНГЭР ГАЗРЫГ ХОЛБОСОН МОНГОЛ БӨӨГИЙН ЯРУУ НАЙРАГ" сэдвээр  профессор С.Дулам, "ЯРУУ НАЙРАГ: ХҮН БАЙГАЛИЙН ХООРОНДЫН ХҮЙН ХОЛБОО" сэдвээр Испанийн яруу найрагч,  доктор Хусто Хорхе Падрон, "ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ ЗОГСООХОД ЭРТНИЙ УТГА СОЁЛД ТУЛГУУРЛАХ НЬ” сэдвээр  Филиппиний уран бүтээлч Кидлат Тахимик, "ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН МУТРЫН ХУВИЛГААН УРЛАЛ" сэдвээр бурханч лам, доктор Г.Пүрэвбат нарын тавьсан илтгэл хуралд оролцогсдын талархалыг хүлээсэн. 

Жил бүр өөр өөр улс оронд болж, тэр бүртэй хүн төрөлхтний оюун санааны үнэт өв болох яруу найргийн талаар чухал сэдвүүдийг хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрдэг энэ хурлын үеэр нэр хүндтэй цол, шагналуудыг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаа Дэлхийн Урлаг Соёлын Академийн удирдах байгууллагаас Монголын яруу найрагч, судлаач, доктор Д.Цэдэв, С.Дулам нарт Утга зохиолын хүндэт доктор, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт  хүмүүнлэгийн доктор цол хүртээсэн бол Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаад "Гарамгай яруу найргийн төлөө" алтан медаль гардууллаа.
Монгол дахь Дэлхийн яруу найргийн өдрүүдэд нь Монголын уран зохиолч, яруу найрагчид олон улсын үзэг нэгтнүүдтэйгээ уулзаж, гадаад харилцаагаа өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, уран бүтээлээ олон улсад гаргах, дэлхийн оюуны зах зээлд өрсөлдөх сайхан боломжийг  нээж өгсөн үйл явдал боллоо гэж дүгнэж байна.
         
          Дөчөөд орны 300 орчим яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид, уран бүтээлчид хуран чуулсан Дэлхийн яруу найргийн 37 дахь их хурлын хүндэт зочдоос дурьдах юм бол Норвегийн Академийн гишүүн, Норвегийн Вангаас "поэт лаурет" буюу "хүлэг баатар"-ын зэрэг хүртсэн нэрт яруу найрагч Кнут Өдигард, Испани хэлт яруу найргийн өнөө цагийн сод төлөөлөгч, Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон, Дорно дахины соён гэгээрүүлэгч, Кафкагийн шагналт, гүн ухаантан, Тайваний яруу найрагч Юй Си, Казакстан Улсын төрийн шагналт яруу найрагч Улугбек Оразбайулы Есдаулет, Унгарын Ерөнхий сайдын соёлын зөвлөх, нэрт яруу найрагч Гиза Чөкс,           Филиппиний нэрт соёлын зүтгэлтэн, Фукуокогийн Азийн соёлын шагналт, нэрт кино найруулагч, уугуул соёлоо тээгчдийн олон улсын форумын ерөнхийлөгч Кидлэт Тахимик, Олон улсын Пен байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Солонгосын Пен клубын ерөнхийлөгч, яруу найрагч Ли Гил-вон, Европын яруу найргийн Академийн удирдах зөвлөлийн гишүүн, Унгарын поэт лаурет, нэрт яруу найрагч, хэвлэн нийтлэгч Иштван Турцы, АНУ-ын “Чивителла Райнери” сангийн ерөнхий захирал, зураач, соёлын менежер Дана Прескот, Дэлхийн Урлаг соёлын академийн ерөнхийлөгч, Францын яруу найрагч Маурус Ян, Дэлхийн Урлаг соёлын академийн ерөнхий нарийн бичгийн дарга Мария Эйжина Соберанис, Бүх Хятадын Жунлогийн уран зохиолын тэргүүн шагналт, БНХАУлсын тэргүүн дэсийн яруу найрагч Сарантуяа, Японы Хайкугийн холбооны ерөнхийлөгч Баняа Нацуши, Чехийн Үндэсний номын сангийн захирал, Чех Пенгийн ерөнхийлөгч яруу найрагч Жири Дедесик зэрэг алдартай хүмүүс хүрэлцэн ирсэн байна.
          Дэлхийн яруу найрагчдын 38-р их хурал манай өмнөд хөрш Бүгд Найрамдахь Хятад Ард Улсад ирэх оны 10 сард болно. 
 
TOP