Эсээ

ГАНГА МӨРӨН, ГАНГА НУУР, ҮЛГЭР, ЯРУУ НАЙРАГ БИД ТАВ

Ээж минь ярихдаа: урьд манай аавын дүү Аагаа хэмээх хүн үүрэг үүрэн бадарчилж Дарьгангаас гараад хорин жилийн дараа эх нутагтаа яг л мөнөөх хир даг болсон үүрэгтэйгээ эргэж ирсэн юм. Хүмүүс түүнийг элдвээр муу хэлж, өдий олон жил явж явж, бурхадын оронд очоод ганц алтан бурхан ч үгүй ирсэнийг гайхан шагшиж, хайран хорин жил, хайран бие... хэмээн шагшилдаж л дээ. Гэхдээ тэр хүн уураг тархиндаа ямар их өв эрдэнэ тээж ирснийг нутгийхан даанч мэдсэнгүй. Дахиад хорин жил өнгөрөхөд Аагаа аранжамба хэмээх хүний туурвисан 20 боть номыг алтан үсгээр бичиж сүмийн хойморт залжээ... Ганга мөрний хөвөөнд орших Энэтхэг Жагарын орноос эрдэнэс алт авчирсангүй, эрдэм оюун тээж ирсэн нь тэр ажгуу.

Хурмаст тэнгэрээс эх авсан Ганга мөрөн хийгээд, Ганга мөрний аршаанаас эх авсан Ганга нуур хоёрын хооронд угшил гарвал хийгээд ураг төрлийн холбоо буйг мэдэрсэн алдрай бага насны балчирхан ухаанд ирээдүйд төрөх нэгэн шүлгийн үүдэл санаа эх авсныг тэрхэн үед яахин мэдэх билээ.

Дарь уул буюу Алтан-Овооны орой дээрээс Ганга нуурыг харахад молцог элсний шаргал хормой эмжин, улаан бургас хөвөөлөөд, ер бусын үзэсгэлэн төгс тэр Шамбал руу тэнгэрт дүүлэх шувуу бүхэн зорин нисэх мэт санагддагсан. Ганга нуурыг хорин нэгэн булаг тэтгэдэг гэлцэнэ. Тоон утга нь хүртэл бэлгэдэлтэй. Хорин нэгэн Дарь-эх гэдэг шиг...

Нэг өдөр ангийнхаа Моононшар гэдэг хүүтэй ханьсаж аргал түлээ татахад нь тусалдаг айлаасаа нэг морь гуйж унаад Ганга нуурыг зорив. Ээжийн бие тааруу гэх мэдээ авсанаас хойш Ганга мөрний тухай домог миний сэтгэлээс гарахаа байсан юм. Ганга мөрнөөс эх авсан Ганга нуурынхаа уснаас аршаан савалж ээждээ аваачиж уулгая гэх бодол эндээс төрсөн хэрэг. Тэгээд ч удахгүй сургууль тарна. Гэртээ харих дөхөж байлаа.

Хожим нь би хорин жилийн дараа ёстой жинхэнэ Ганга мөрний аршаан залж настай буурал ээждээ амсуулж багын гэнэхэн итгэл, өвгөдийн үлгэр домгийн мөрөөдлийг сэтгэл зүрхэндээ гүйцээн үргэлжлүүлсэн юм.

()Түүнээс хойш 10 он өнгөрсөн хойно миний эрхэм нөхөр дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн бид хоёр саран гийсэн тунгалаг цагаан шөнө Ганга нуурынхаа хөвөөнд дуулж хоносон юм. Гол ус хүмүүний адил сонсох сонор, догдлох дотоод зүрх сэтгэлтэй ажээ. Нуурын ус үл мэдэг цагаан долгио бидэртүүлэн, хун шувуудын ганганах дуун тасралтгүй сонсогдож, тэнгэрт харвах холын од нуурын усанд буух мэт хааяа нэг цүл хийнэ. Би 6-р ангид байх жилээ “Ганга нуур” нэртэй анхны шүлгээ бичсэн юм. Тэрхүү шүлгийг минь нэрт яруу найрагч, орчуулагч, миний уран зохиолын багш Доржийн Гомбожав сонинд нийтлүүлж өгсөн юм. Хожим нь хориод насандаа “Гангын найман сондор” хэмээх шүлэг бичиж, тэр шүлгэндээ “Сарны цагаан туяа миний шүлгээ бичдэг сууц” хэмээн бичсэнийг минь монголын сод хүү, яруу найрагч О.Дашбалбар маань ихэд олзуурхан иш татдаг билээ. Д.Нямсүрэнгийн дэргэд Ганга нуурандаа уншсан шүлгийн нэр нь “Гангын аршаан”.

Бурханы оронд хөл тавих
Явдал зам нь хүслээс ч хол
Ховорхон тэр нэг монгол эр
Хосгүй мэргэдтэй ном хаялцаад
Азай буурал ээждээ амсуулах
Энэтхэг орноос нэгэн өдөр
Цастын уулыг царигтай давлаа
Ам чийглэх усгүй цөлд л
Адаг сүүлд нь хуурай элсэнд
Авч явсан Гангын уснаасаа л
Хатаж байсан эр биеэ
Тасарч байсан улаан голоо
Хөшсөн хөлөө туйвуулан байж
Хөглөрсөн элс нурам шиг төөнөөд
Галт шил шиг наран улайсаж
Цөхөрсөн эрийн хөл нугарлаа
Хормын зуур ухаан орохдоо
Ээждээ өгөхөөр гамнаж үлдээсэн
Өндийж босоод өөдөө саравчлахад
Тоостой замын торгон үзүүрт
Урам баяраараа таяг хийгээд
Тохой өвдгөө цоортол мөлхсөөр
Элс шороогоороо шархаа домнож
Галуу шувуу шиг усандаа умбаад
Амиа аварсан ч ээжийгээ аврах
Өөдгүй амьтан билээ! гэж
Нулимстай мэлмийгий нь аргадах шиг
Билгийн найман шинж үзүүлж
Дээд тэнгэрийн өлмийн сэрүүцүүлэг
Мөнгөн бумбандаа дүүргэж авлаа
Бор гэрийнхээ босгыг алхлаа
Мөнгөн бумбатай аршаанаа өглөө
Ариун Гангын ус гэсэн чинь
Гайхам шидтэй тэр аршаан бол

1987 он
Шинэ Дели. Дарьганга

Өдгөө ээж минь үгүй. Ганга нуур ч мянган уулсын цаадтайд. Мөнхийн ус ч гэж үгүй. Ер мөнхийн юм гэж үгүй хорвоод хамгийн урт настай нь гэвэл үлгэр домгийн үүрдийн утга санаа ажгуу. Хурмаст тэнгэрээс Ганга мөрөн үүдэж, Ганга мөрнөөс Ганга нуур үүсчээ. Газар дэлхийн ус мөрөн хоорондоо газрын судсаар холбогдож, түүнээс үлгэр домог эх авчээ. Үлгэр домог ч бас гол ус мэт хүний амьдрал намтарыг тэтгэн цаг хугацааны уртраг даган урсах ажгуу.

2011.12.04
Indian Study Journal, 2013

TOP