Хүүрнэл

Хүүрнэл

Хүүрнэл

ГЭГЭЭНТЭН роман ТҮДЭВИЙН МОНОЛОГ

Данзанравжаа хутагтын эрдэм оюун, өв соёлыг 1937 оны их егүүтгэлээс авран хамгаалж өнөөгийн бидэнд хүргэж өгсөн их ач буянт хүмүүн бол Дархан тахилч Г. ТҮДЭВ гуай ( 1912-1990 ) юм. Тэрбээр дараа үеийн тахилч- ач хүү З.Алтангэрэлийг хатуу гараар өсгөж хүмүүжүүлэн залгамжлагчаа бэлтгэсэн билээ. ГЭГЭЭНТЭН романы нэвтрэн гарах гол шугам Түдэв тахилчийн дотоод хүүрнэлээр ( монолог) өрнөж, түүгээр дамжин нэгэн зуу гаруй жилийн тэртээх хутагтын оюун санааны ертөнцтэй уншигчийг холбоно. Ийнхүү тухайн цаг үедээ хэнд ч үл анзаарагдан эгэл жирийн амьдарсан хөдөөгийн хөх өвгөн Түдэв гуай бол оюуны ямар өндөр төвшинд хөгжсөн, эр зориг эрдэм ухаан хослуулсан, өв тээгч байсныг бодох бүрий аньсага чийгтдэг билээ.
Зүүдэнд минь учирдаг Түдэв гуайгаа дахин дурсахын учирт " Гэгээнтэн" романаасаа ганц мөчлөг толилуулсугай.-- 
Хүүрнэл

НҮҮДЭЛЛЭХ ТИГ БУЮУ МИЧДИЙН АЯЛГУУ

Тэмээн хөсөгтэй нүүдэлчний бүдэгхэн мөрийг
Тэнгэрийн заадас залгаад тодосгон одмуй

Орой дээр одот тэнгэр хөмрөглөнө. Очир эрдэнэсийн хүү сангийн орд өргөө л ийм буй. Сүрэг галуудын ганганах дуун энүүхэнд. Сүр сүр гэх чимээ нь чих шүргэнэ. Тэнгэр ба талын хярхаг тэмдгэрэх бараагүй. Тэмээн хөсгийн хонхон дуу шөнийг чимээлнэ. Одот тэнгэрийн доор хөсөг тэрэгний хүрдэн дугуйн эргэлтийг сааж, хүн малын зоо тэнийн хөдөө талд нь хүрээлэн буудаллана. Нүүдэл хөсөг хоймор талаараа тал саран байрлалтай. Хонь хотлон үхэр мал өмнө талаар хүрээлнэ. Нүүдэллэхүйн хаа эртийн тиг буюу.
Хүүрнэл

ГҮЙЖ ЯВАА ХҮЛГИЙГ БИТГИЙ БАРИАРАЙ

1.   
Цэнхэрлэгчийн цагаан зогдор – үүлсийн чанадад тогоруу ганганана. Тогоруудын ганганаа умрын салхийг хурайлахад гадсаа тойрох ботгоны буйлаа үүлсийг тоорлоно. Груу груу. Тоор тоор.

Цахилдагны хуучин бутанд умрын салхи элдэвлэн сэрчигнэнэ. Сар жилүүдийн сайн муу явдлууд санааны мухарт ундуй сундуй. Груу груу. Тоор тоор.

Цагаан үүлсийн сүвэгчээр сүрэг тогоруу зүү шиг сүвлээд нааш мэтгэж айсуй. Айсуй тогорууны зэллээ болоод ганганаа нь ертөнцийн бүхий л юмсын учир шалтгааны гинжин хэлхээ буюу. Груу груу. Тоор тоор.
Хүүрнэл

ГЭТЭЛГЭГЧ ЭХИЙН СҮМ

НЭГ. БЯСАЛГАХУЙ

Онгон их элсний олон шар бөөрөг дунд би сууж байна. Хэсэг зуур нүдээ анин бодмоглохуй мөнх тэнгэр сэтгэлд уусаад, эрхий дарам хөх толбо болон, түүний дунд галын гурвалжин улаан дөл үл мэдэг чичирхийлэн... чинагш... цагаан цэг болж... гэрийн хаалгаар нарны дөрвөлжин шар гэрэл тусах мэт... хэлбэр болоод өнгөний бэлгэ, билгүүний мөн чанар галавын чанадаас үзэгдэх авай.
Огоот ийн ариуссан сэтгэлийн амгалан хоосноос хүмүүний орны үйлийн үрийн эрхшээл юуны зулын сүүмэлзэх үзүүр төдийхөн чөлөөнд орчлонгоос хагацсаны нирвааны хутгийг үзьюү.
Оюуны гэгээнд номын лагшинг бясалгаж, хоосон орших чанар доор нэгэн үзүүрт сэтгэлээр тэгш агуулгын дээд хутгийг олбай.
Хүүрнэл

ХААНЫ НУУЦ ЗОХИОНГУЙ

Онон мөрний Дэлүүн болдогт ер бусын тунгалаг шөнө байлаа. Бөртийх ч үүлгүй тэнгэрт зуны тэргүүн сарын арван тавны саран мөнгөн дэнлүү мэт хөөрөн мандаж, орчлон хорвоо мөнгөлөг цагаан туяанд булхжээ. Нэгүүн тайжи эргэн тойрныг ажиглаж, тэнгэрийн байдлыг шинжээд “Өүлэн хатан өнөө шөнө амаржих буй за” хэмээн өөртөө хэлэв. Хабул хааны долоон хөвгүүний сортоотой нь Бартан баатар, Бартан баатрын дөрвөн хөвгүүнээс улсаа хурааж, төрөө төвхнүүлэх нь Есүхэй баатар бөлгөө. Нэгүүн тайжи өөрийн төрсөн дүү Есүхэйн Өүлэн хатнаас төрөх шинэ хүний тухайд дотроо нэгэн горь таамаг тавиад хүлээж байгаагийн нууцыг өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх бөлгөө. Өүлэн хатан оройноос дуншиж эхэлсэн билээ.
Хүүрнэл

НУТАГ БУЮУ ГҮЙСЭН УНАГАНЫ ДУУЛЬ

Хөөрхий нэг өнчин ухаа унага гүвээ даваад урамгүйхэн шогшиж явна. Эхтэйгээ байхад эрх цовоо гэж туйлгүйсэн.
Эхээсээ хойш энэлэн шаналах гэж тоймгүй еэ. Өмнүүр нь алтан хараацай ээрэн нисч явна. Хөөрхий тэр амьтан хаашаа яваагаа эс мэдэвч ямар нэг үл үзэгдэх далдын совин билиг түүнийг аль нэг тийш нь хөтөлж явна. Эхээсээ хагацсан амьтныг гангийн наран гундаан шарж, эцэнхий муу нуруун  дээр нь өлөн тоос дагтаршин шигээд, ялаа батгана нүүр нүдийг нь бүрхээд зовлон дээр нь зовлон нэмнэ.
Хүүрнэл

АНХНЫ ЭХ

ЭХЛЭЛ

        Эхлээд энэ үлгэрийг
        Ганцхан хүн мэддэг байжээ.
        Одоо энэ үлгэрийг
        Олон хүн мэдэх хэрэгтэй болжээ.

1.
Эртээ урьд цагт, бүр эртийн эрт, урьдын урьд цагт сэтгэж санаж гүйцэмгүй аймшигт их албин хоосон л байжээ.
Тэр их албин хоосон дунд хоосноос өөр юм үгүй, ер юу ч үгүй байжээ. Газар дэлхий гэж байсангүй, ус гэж байсангүй, уруул жилмэх шүүдрийн төдий ч байсангүй , агаар тэнгэр, алтан нарны аль нь ч байсангүй.
Хүүрнэл

НҮҮДЭЛЧИН ОДНЫ ҮЛГЭР

Алаг Бөөрийн говиор олон жил хур бороо оролгүй хуурайшин, өвс ногоо тачирдаж, ус булаг ховорджээ.
Алтай Сүмбэр хааных үүрийн таван жингээр ачаалан уртын урт нүүдлийн хөсөг тэнгэрийн хаяаны цэнхэр суварган уулыг чиглэн хөдөлжээ.
Хүүрнэл

ГЭГЭЭН ЗҮГЭЭС МОРЬТОН АЙСУЙ

Хаврын өглөө ба морьтон
Тал хязгааргүй хөхөртөн мануурна. Эхлэл нь хаа юм, төгсгөл нь хаа ч юм.
Ташуухан гийх өглөөн нарны тунгалаг туяа ээвэр хондонд хаваржиж бүхий хот айлыг гийгүүлнэ. Малын уур униартан нийлэлдэж, гарын алга шиг хонхор газарт бялхсан туяан дундаас цэв цэнхэр багана ганжирлан, тэнгэр тулах нь гэрийн утаа буюу. Сайхан өдөр болох нь ээ.
Хүүрнэл
TOP