Шүлгүүд

Шүлгүүд

Шүлгүүд

ЦАСАН ШУУРГА ЦАГААН АЗАРГА ШИГ ЦАМНАЖ

Цасан шуурга цагаан азарга шиг цамнаж
Цаг үе ч басхүү цасан шуурга шиг агсарч
Цагаан талын дээгүүр цантсан адуу давхилдаж
Цанхин царайтай тэнгэр цаанаа л нэг таагүй
Шүлгүүд

ХҮНИЙ ТЭНГЭР

Атийж суугаа хүний дээр
Араган чинээ тэнгэр буй     
Дуулж яваа хүний дотор бол
Дуулим их тэнгэр буй

2002 он
Шүлгүүд

ОРШИХУЙН ГЭРЭЛТ ХҮРЭЭН ДОТОР

Эрхэм хүндэт Хуба Зэрэмлэй гуайд

Хөхрөгчид гялалзагч од бүхэнд ойлголцох дохио буй
Хөрстөд мэндлэгч хүн бүхэнд дэлхийд ирсэн шалтгаан буй
Хүмүүн болгон газрын үр юм. Үр бүхэнд дэлгэрэх шалтгаан буй
Үр болгонд өнө мөнхийн алтан мэлмий буй.

Тэрхүү гэрэлт мэлмийн алтан хүрээнд би багтдаг
Тэртээх гарваль язгуур уруу энэ алтан мэлмий хөтөлдөг
Уул ус, газар шороог энэ алтан мэлмий ачилдаг
Ургамал цэцэг, амтат жимс энэ алтан мэлмийнээс дэлгэрдэг
Шүлгүүд

ГАНЦААРДАХ ТУСАМ

Газар дэлхийн дуудлагаар тэнгэрээс ирсэн гэж бодох
Гал гурван одноос галаа цахиж асаасан гэж итгэх
Гараг оддын дохио зүүдний орчлонгоос чангаах
Гарваль язгуураа санагалзан үе үе ганцаардах.

Ганцаардах тусам би өөрийгөө улам тод сонсож
Ганцаардах тусам би өрөөлийн ганцаардлыг ойлгож
Ганцаардах тусам би үл үзэгдэхүйн дүрсэд нэвтэрч
Ганцаардах тусам би үл сонсогдохуйн уянгыг анирлаж
Ганцаардахуйн эрх чөлөөнд дүүлмүй.
Шүлгүүд

ГУНИГЛАХ ТУСАМ

Хөх тэнгэрээс ирсэн гэдэгтээ улам ч итгэх боллоо,
Хөх сувдан оддын дунд зай минь үзэгдэх боллоо,
Хөх Гурван маралаа хөөгөөд тэнгэрт гарсан
Хөхдэй мэргэн өвгийнхөө араас гуниглах боллоо.

Гуниглах тусам Гурван марал ойрхон урамдаж
Гуниглах тусам Хөхдэй мэргэн өвгө тэнгэрээс гурийлж
Гунигаа би өр зүрхнийхээ алсад замхрааж
Гунигаа би тэнгэрийн хөх  мананд илгээж
Гуниглахуйн гоо сайхантай нөхөцмүй.
Шүлгүүд

ТУНГАЛАГШУУЛАГЧ ХЭРЛЭН

Хээмсэг тогорууд цагаан дэрсэнд зогдроо самнаж
Хэд хэдээрээ тойромлож, буцахын дохио ганганана.
Хэрэн бядан явсаар намрын будангуй дунд
Хэрлэн мөрөн би хоёр мянганы холыг уулзуулбай

Хилин торгон мандал нь мянган жил хэвээрээ ч
Хэчнээн олон хот балгадыг чимээгүйхэн урсгаж вэ?
Хэзээ ч юм бэ, түүхийн илдээр цавчсан сорвийг
Хэсэг бусаг дов сондуул эдгээж нөхжээ.
Шүлгүүд

УУЛСЫН ДҮРИЙГ ТАЙЛАХУЙ

Уулс гүн бодолд дарагдан дүнсийж
Униар будан дунд сүүмэлзэн мануурна
Урьд өмнийн түүх шастираа санан эмзэглэв үү
Урт урт салхиар гэнэ гэнэ шүүрс алдана.

Хөнгөн зуурын гунигаас тасарсан нулимс уу
Хөх хөх дусал навчис дээр гялтайна
Уйтгараа тайлж манан будангаа хөөж
Ухаалаг дөлгөөн болоод уулс намайг ажна.
Шүлгүүд

АЛТАН ХАРААЦАЙ

Анир аясхан талын минь домгийг алтан хараацай
Аян холоос ирэхэд амдаж нисэлдсээр айсуй
Мөнхийн усаа асгасан номин талынхаа алганаас
Мөрөөдлийн энэ шувуухай цагийн цагт холдсонгүй

Олоон жилийн өмнө аавтайгаа давхиж явахад
Оорцогт толгодын дунд нисэж явсан хараацайнууд
Он цагийг туулсаар эргээд намайг ирэхэд
Онцгой тэр эрэлдээ цөхрөөгүй л явна гэлтэй
Шүлгүүд

АЗ ЖАРГАЛЫН БОРОО

(Хожмын аялгуу)
 
Нартай бороо зөөлөн шаагина
Намрын дэрсний намиаг таална
Өтлөхгүй хорин тавтайгаа байгаасай
Согтохгүй улаан зээрдээрээ байгаасай
Орох борооны дусал гэмээнэ
Охин тэнгэрийн охь нэрмэл
Сөөг ганцхан дэрс гэмээнэ
Сөгдөхгүй явахын бэлгэ тэмдэг.
Шүлгүүд
TOP